Бэрхийн уурхайн түүх

Бэрхийн уурхай нь Хэнтий аймгийн төв Чингис /Өндөрхаан/ хотоос зүүн хойшоо 70 километрт Батноров сумын нутаг Бэрхийн уулын баруун хойд үзүүрт оршдог.

1954 оны 9 дүгээр сард Батноров сумын нутагт Жоншит толгойн ордын жоншийг ил аргаар ашиглах болсноор Бэрхийн уурхайн үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй бөгөөд эдүгээ 66 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

1940-өөд оны сүүлчээр Зөвлөлт-Монголын геологичдын хайгуулаар жоншны нөөц баялагтай олон газар илрэн судлагдсаны нэг нь Батноров сумаас хойш орших Ямаатад Зөвлөлтийн геологич Ковалевский жоншны орд газрыг олж нээснээр тэр үед Ямаат буюу Ковалевскийн уурхай гэж нэрлэгдсэн юм. 1954 оны есдүгээр сард Батноров сумын нутагт Гурван бухтын /Жоншит толгой/ ордын жоншийг ил аргаар ашиглах болсноор Бэрхийн уурхайн үйл ажиллагаа эхэлсэн юм. 

Уурхайн ажил дөнгөж эхэлж байхад 3-4 гэр, 5-6 эсгий амбаар байсан ба ажлын наряд өгдөг газар нь эсгий амбаар байсан байна. 

Тэр үеийн ахмад уурхайчид Зөвлөлтийн мэргэжилтэн сургагч нартай мөр зэрэгцэн ажиллаж аль хүн дутагдсан газарт очиж өдөр шөнөгүй ажиллан, уурхай болон уурхайчдын тосгоныг түргэн хугацаанд барьж байгуулсан байдаг.

Бэрхийн уурхайн олборлолтын ажлыг эхлүүлсэн анхны 9 уурхайчин нь:

  1. П.В.Усанов - Зөвлөлтийн мэргэжилтэн мастер
  2. Ш. Аюушжав
  3. Т. Бор
  4. Д. Дэчинсүрэн
  5. Ч. Лхүндэв
  6. Г. Гомбо
  7. С. Эрдэнэбаатар
  8. Н. Дэчинлхүндэв
  9. Ж. Тойдон нар байсан юм.

Тус уурхай 1954-1957 онд Санжаагийн уурхай гэж нэрлэгдэж байгаад 1957 онд дээд газрын шийдвэрээр Бэрхийн уулын нэрээр нэршин одоог хүртэл гадаад, дотоодод энэ нэрээрээ танигдсан байна. 

1957 он гэхэд хэвтээ малталт 160 гаруй метр урттай байсан ба олборлосон жоншоо жижиг вагонцорт ачин, хар азаргаар чирч гаргадаг байжээ. Хар азаргаар 1958 оны дунд үе хүртэл вагон чирүүлж, уурхайг ашиглаж байсан. 

Совмонголметалл нийгэмлэг Монгол улсын уул уурхайн салбарын хөгжилд түүхэн үүргээ гүйцэтгээд 1957 онд татан буугдсан учир Бэрхийн уурхай нь тэр үеийн өнгөт металлын үйлдвэр, Уурхайнуудыг удирдах газар, Геологи-уулын үйлдвэрийн яам, Аж үйлдвэрийн яам, Түлш эрчим хүч, үйлдвэр геологийн яамны харьяанд 1974 он гартал арван долоон жил бие даан ажиллаж, уул уурхайн салбарын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм.

Бэрхийн уурхай нь 1960-1970 онд жилд 35.0-40.0 мян/тн жонш экспортод гаргадаг, уурхайчид 400-500 уртааш метр нэвтрэлтийг хийдэг байсан бөгөөд нийт 360-400-аад ажилчидтай байсан. 

1971 онд Монгол улсын уул уурхайн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Алтан гадас одонгоор шагнасан байна.

1970-аад оны эхэн үеэс тэр үеийн социалист орнуудад нийгмийн үйлдвэрлэлийн төрөл бүрийн салбарт хамтарч ажиллах гэрээ хэлэлцээрүүд олноор байгуулагдаж, тэдгээрийг шуурхай хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ арга хэмжээний хүрээнд 1973 оны 2 дугаар сарын 24-нд БНМАУ, ЗХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Монгол-Зөвлөлтийн хамтарсан аж ахуйн анхны үйлдвэр “Монголсовцветмет” нэгдлийг байгуулсан байна. Бэрхийн уулын үйлдвэрийг 1974 оны 9 дүгээр сарын 23-нд “Монголсовцветмет” нэгдлийн бүрэлдэхүүнд оруулахаар шийдвэрлэсэн байна. Энэ цагаас үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлага нь улам боловсронгуй болж, удирдлага зохион байгуулалтын цоо шинэ арга барил нэвтэрч, үндэсний боловсон хүчин Зөвлөлтийн мэргэжилтэн, инженер техникийн ажилчидтай мөр зэрэгцэн хөдөлмөрлөж эхэлсэн. Мөн энэ үеэс эхлэн уулын цех, зарим туслах цехүүдийг орон сууц, нийгэм аж ахуйн барилга байгууламжуудын хамт ЗХУ-ын хүч хөрөнгөөр өргөтгөх, геологи хайгуулын ажлын уулын гүний малталт нэвтрэх зэрэг ажлууд хийгдсэн. 

Тус уурхай нь уулын цех, цахилгаан станц, засвар механикийн цех, автограш, барилгын хэсэг, компрессорын станц, Дорнод аймаг дахь жонш борлуулах тасаг, материалын төв склад, пүү, тэсрэх материалын склад, гал команд, уурхайн захиргаа гэсэн үндсэн ба туслах цех хэсгүүдтэй хорь гаруй орон сууц, хүн эмнэлэг, эмийн сан, холбоо, ерөнхий боловсролын дунд сургууль, ажилчны клуб, кино цэг, номын сан, зочид буудал, биеийн тамирын заал, халуун усны газар, химийн лаборатори, уурхайчдын гуанз, сувиллын газар, банкны тооцооны касс, худалдаа бэлтгэлийн анги, оёдлын цех зэрэг соёл үйлчилгээний газруудтай уурхайчдын хотхон болсон байна.

Дээрх өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэж, барилга байгууламж ашиглалтад орсноор уурхайн үндсэн цех дамжлагуудын хүчин чадал хоёроос, гурав дахин нэмэгдэж, жилд 160.0 мян.тн хүдэр олборлох хүчин чадалтай болсон бөгөөд орчин үеийн уул уурхайн өндөр бүтээлтэй машин техник, тоног төхөөрөмжөөр тухай бүрд нь хангаж ирсний үр дүнд, 1980-аад он гэхэд тус үйлдвэрийн газрын доорх бүх дамжлага, бүрэн механикжиж, тэдгээрийг эзэмшин ашиглах төрөл бүрийн мэргэжлийн үндэсний боловсон хүчин, инженер техникийн ажилчдаар бүрэн хангагдсан байсан. 1985 он хүртэл “Монголсовцветмет” нэгдлийн жилийн орлогын 80 гаруй хувийг Бэрхийн уурхай дангаараа оруулж байсны дээр, уул уурхайн салбарт өндөр мэргэжлийн олон арван инженер техникийн ажилтан, удирдах боловсон хүчнийг бэлтгэн гаргасан байна.

Үйлдвэрлэлийн зориулалтай өргөтгөл шинэчлэлийн зэрэгцээ уурхайчдын нийгэм, соёл, ахуйн зориулалт бүхий 1000 орчим сурагчид хичээллэх боломжтой 10-н жилийн дунд сургууль, сум дундын нэгдсэн эмнэлэг, 280 хүүхдийн ортой ясли цэцэрлэгийн комбинат, 350 хүний суудалтай соёлын ордон, ахуйн үйлчилгээний төв, сувиллын иж бүрэн цогцолбор, гуанз, дэлгүүр, 500 гаруй айлын тохилог орон сууц шинээр ашиглалтад орж, 2000 гаруй хүн амтай Бэрхийн тосгон 1989 онд 10000 орчим хүн амтай Зөвлөлт-Монголын уурхайчид ажиллаж амьдарсан орон нутгийн томоохон хот болтлоо өргөжин хөгжсөн байдаг.

Жоншийг олборлох шатнаас боловсруулан баяжуулах шатанд шилжүүлж Баяжуулах фабрикийг 1994 онд ашиглалтад оруулснаар жилд 46.0 мянган тонн өндөр чанарын жонш гаргах боломжийг бүрдүүлсэн байдаг. Түүнчлэн Өндөрхаан-Бэрхийн чиглэлд 1.2 сая долларын өртөгтэй, 110 кВ-ын өндөр хүчдэлийн шугамыг “Монголросцветмет” нэгдэл өөрийн хөрөнгөөр барьж байгуулан, 1997 онд ашиглалтад оруулснаар тус үйлдвэр, хотыг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангаад зогсохгүй, Хэнтий аймгийн зүүн бүсийн сумдыг төвийн эрчим хүчний нэгдсэн системтэй холбох эхлэлийг тавьсан юм. 

Түүхэн хөгжлийн хугацаанд Бэрхийн уурхайгаас Монгол улсын Хөдөлмөрийн баатар 4, Гавьяат уурхайчин 3, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан 3, Сүхбаатарын одон 4, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 8 уурхайчныг тус тус шагнаж урамшуулсан байна

1994 оноос улс орон зах зээлийн үеийн эдийн засагт шилжиж, эдийн засгийн хүндрэл, дэлхийн зах зээл дээрх жоншны үнийн уналт, худалдан авагч нарын санхүүгийн байдал, далд уурхайн нөөц дууссан зэргээс шалтгаалан олборлолтын ажлыг бүрэн зогсоож, уурхайг усан консервацид тавьсан байдаг. 

Ийнхүү 5000 орчим хүн амтай уурхайчдын хотыг зах зээлийн нөхцөлд авч явах эдийн засгийн хүч хүрэхгүй болж, үйлдвэрийн үйл ажиллагааны алдагдал жилээс жилд өсч, улмаар далд уурхайг хаахад хүрсэн байна.

1999 оны 5 дугаар сард Засгийн газрын 74 дүгээр тогтоолоор “Монголсовцветмет” /Монголросцветмет/ нэгдлийн бүрэлдхүүнээс гарч улмаар “Бэрх Уул” Төрийн өмчит үйлдвэрийн газар болон үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн.

2001 онд Засгийн газрын 442 дугаар тогтоолоор “Бэрх Уул” ТӨҮГ-ыг “Бэрх Уул” Хувьцаат компани болгосноор Монголын Хөрөнгийн биржэд бүртгэлтэй болж, улмаар 2005 онд хувьчлагдаж хувийн хэвшлийн хувьцаат компани болон үйл ажиллагаагаа явуулж байна. 

2011 онд Дэлгэрхааны жоншны ордод хийсэн өрөмдлөгийн ажлын үр дүнгээр “Бэрх Уул” ХК-ийн эзэмшдэг 166 А ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамрагдах нөөцийг Монгол улсын Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж ордын үлдэгдэл нөөцийг 56, 46%-ийн дундаж агуулгатай 0,5 сая тоннболомжтой /C/ зэргээр 48.75 %-ийн дундаж агуулгатай 1,6 сая тонн, бодитой болон боломжтой /В+C/зэргээр 50,52%-ийн дундаж агуулгатай 2,1 сая хүдрийн нөөц, таамаг /P/ зэргээр 15%-ийн агуулгатай 3,0 сая тонн батлагдсан. 

Мөн Мicromine компанид хийгдсэн N I 43-101 стандартын дагуу Дэлгэрхааны ордын 166 А ашиглатын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах нөөцийг бодитой /B/ зэргээр 6,62 сая тонн, боломжтой /C/ зэргээр 3,02 сая тонн бодитой болон боломжтой / B+ C/ зэргээр 33,4%-ийн дундаж агуулгатай 9,64 сая тонн гэж баталсан билээ.

Цаашид Дэлгэрхааны ордыг түшиглэн баяжуулах үйлдвэрийн цогцолборыг байгуулах их ажлыг эхлүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. 

Бид монгол хүний ур чадварыг дэвшилтэт технологитой хослуулан улс орноо хөгжүүлж, эдийн засгийг өсгөхийг зорьно.

Холбоо барих

Бид сорилтод хэзээ ч бууж өгдөггүй.

  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, Модерн таун 203-25-15
  • (+976) 98331954
  • berkhuul1954@gmail.com